ҮСХ: БАРИЛГЫН ӨРТӨГ ӨМНӨХ УЛИРЛААС 9.3 ХУВИАР ӨССӨН БАЙНА

22-09-11 | Мэдээ

Барилгын өртгийн ерөнхий индекс (2015=100) 2022 оны 2 дугаар улиралд 204.9 болж, барилгын өртөг өмнөх оны мөн үеэс 18.0 хувь, өмнөх улирлаас 9.3 хувиар өслөө. Орон сууцны барилгын өртгийн индекс (2015=100) 2022 оны 2 дугаар улиралд 240.8 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 23.0 хувь, өмнөх улирлаас 8.3 хувиар өссөн байна. Орон сууцны барилгын өртөг өмнөх улирлаас 8.3 хувиар өсөхөд материалын өртөг 9.9 хувь, машин механизмын түрээсийн зардал 7.8 хувь, цалингийн зардал 6.0 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Орон сууцны бус барилгын өртгийн индекс (2015=100) 199.5 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 17.3 хувь, өмнөх улирлаас 10.0 хувиар өссөн байна. Орон сууцны бус барилгын өртөг өмнөх улирлаас 10.0 хувиар өсөхөд сургуулийн барилгын өртөг 11.4 хувь, эмнэлэг, сувиллын барилгын өртөг 7.8 хувь, конторын барилгын өртөг 13.1 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Инженерийн барилга, байгууламжийн өртгийн индекс (2015=100) 146.0 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 2.8 хувь, өмнөх улирлаас 2.1 хувиар өссөн байна. Инженерийн барилга, байгууламжийн өртөг өмнөх улирлаас 2.1 хувиар өсөхөд авто замын байгууламжийн өртөг 0.9 хувь, эрчим хүчний байгууламжийн өртөг 10.8 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо