ХҮҮХДИЙН ӨРӨӨ ТОХИЖУУЛАХ САНААНУУД

22-08-30 | Зөвлөгөө

Бяцхан үрсийнхээ өсөж торнин, тоглож, суралцах орчныг бүрдүүлнэ гэдэг эцэг эхчүүдийн хувьд хариуцлагатай бас сэтгэл хөдөлгөм агшин байдаг. Учир нь хүүхэд биеэ даах, суралцах, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэх боломжид өрөөний тохижилт нь чамгүй байр суурийг эзэлдэг билээ. Тэр ч утгаараа хүүхдийнхээ одоогийн хүсэл эрмэлзэл, шаардлага болон ирээдүйн хэрэгцээг бодолцон өрөөг нь тохижуулна гэдэг амаргүй даваа юм.

Хүүхдийн өрөөг энгийн, хүүхдэд ээлтэй, аюулгүй байдлаар тохижуулах нь чухал. Учир нь хүүхдүүд томчуудтай харьцуулахад анхаарал төвлөрөх хугацаа харьцангуй богино байдаг. Тиймээс хэт эрээн мяраан ханын хээ, олон төрлийн өнгө, хэлбэр дүрс бүхий өрөөний интерьер хүүхдийн анхаарлыг сарниулдаг тул аль болох энгийн байлгахад анхаараарай.

Бага насны хүүхдийн хувьд гүйж харайх зай их байх тусмаа чөлөөт сэтгэлгээ нь хөгжиж байдаг давуу талтай. Хүүхэд бүрийн төсөөлөлд ид шид уран зөгнөл байдаг учраас өрөөний тохижилтод уран сэтгэмж, гэрэлтдэг тааз, ханын чимэглэл, галактик, амьтад гэх мэт сонирхлын татахуйц зургууд гээд жижиг чимэглэл ашиглаарай. Тэд үлгэрийг амилуулж, амьтны хүрээлэнгээр аялах болно.